Fortnite тоглоом цар хүрээгээ тэлсээр байна. Ирэх 4 дүгээр сарын 9-ний өдөр “Creative” (Бүтээлч) горимын хамгийн алдартай форматуудын нэг болох “Arenas Boxfights” албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. Анх “Save the World” горим дээр суурилж гарсан ч тоглогчдын сонирхол “Battle Royale” руу эрчимтэй шилжсэн тул Epic Games төслийнхөө хөгжүүлэлтийг бүрэн өөрчилж, түүх, шинэ улирал, Battle Pass болон байнга хувьсаж байдаг газрын зургийг нэвтрүүлсэн түүхтэй.
Хөгжүүлэгчид тодорхой хугацаанд зориулалтын даалгавар, шагналтай түр зуурын горимуудыг гаргадаг байсан нь яваандаа “Fortnite Festival”, “Rocket Racing” болон “LEGO Fortnite” зэрэг бие даасан том горимууд болон өргөжсөн юм. Гэвч бүх горим тоглогчдыг татаж чадаагүй тул зарим контентыг удахгүй хасахаар шийджээ.
Шинэ горим зарим контентыг орлоно
“Rocket Racing”, “Ballistic” болон “Fortnite Festival”-ийн “Battle Stage” зэрэг горимууд хасагдах ч оронд нь шинэ сонголт гарч ирж байна. Албан ёсны мэдээллээр “Arenas Boxfights” 4 дүгээр сарын 9-нд эхлэх бөгөөд нийт 16 тоглогч 1v1 эсвэл 2v2 форматаар олон үе шаттай тоглоно. Хамгийн түрүүнд 15 үе хожсон нь ялагч болно.
“Boxfights” (давчуу зайд барилга барьж тулалдах төрөл) нь тоглогчдын дунд хэдийнэ танил болсон формат юм. Энэ нь ойрын зайн тулаан болон барилга барих чадварыг бодитоор сорих боломжийг олгодог. Өмнө нь зөвхөн ойрын зайн зэвсэг ашигладаг “Close Quarters” горим үүнтэй төстэй туршлага санал болгож байв.
Шагнал болон онцлогууд
Шинэ горим нь хувьсан өөрчлөгдөх зэвсгийн багц, зэрэглэлийн систем (ranking system) болон тусгайлан зассан газрын зурагтай байх юм. Мөн тоглогчдыг шинэ горимыг туршиж үзэхэд нь урамшуулахын тулд “Arenas Boxfights”-ийн тусгай даалгаврууд нэмэгдэнэ. Эдгээр даалгаврыг биелүүлснээр “Builder’s Crest” болон “Cracked Blueprint” зэрэг үнэгүй гоёл чимэглэлийн зүйлс авах боломжтой.