Evil Geniuses байгууллага Minecraft-ийн “Gridlock” цуврал тэмцээнийг зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Хойд Америкийн кибер спортын алдарт Evil Geniuses байгууллага контент бүтээгч Энтони “Couriway” Сальзарулотой хамтран Minecraft-ийн “Gridlock” нэртэй шинэ цуврал тэмцээнийг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээ нь Minecraft-ийн сппидраннер (speedrunners – тоглоомыг хамгийн богино хугацаанд дуусгагчид), SMP (survival multiplayer – олон тоглогчтой амьд үлдэх горим) бүтээгчид болон PvP (тоглогч тоглогчийн эсрэг) тоглогчдыг нэгтгэж, өрсөлдөөний шинэ талбарыг бий болгох зорилготой юм.

“Gridlock”-ийн хүрээнд хоёр тоглогчтой багууд (duos) 1000×1000 блок хэмжээтэй тусгай газрын зураг дээр 30 минутын турш өрсөлдөнө. Тэмцээний гол онцлог нь зүгээр нэг амьд үлдэх буюу бие биенээ устгах биш, харин дундын “бинго” карт дээрх даалгавруудыг гүйцэтгэхэд оршино. Хэрэв нэг баг ямар нэгэн даалгаврыг түрүүлж биелүүлбэл тэрхүү нүд нь эсрэг багийнханд хаагдах бөгөөд дахин ашиглах боломжгүй болно. Цаг дуусахад хамгийн их оноо цуглуулсан эсвэл өрсөлдөгчөө оноогоор гүйцэх боломжгүй болтол “блоклож” (mathematical lock) чадсан баг ялагчаар тодорно.

Тэмцээн нийт дөрвөн үе шаттай явагдах бөгөөд зун эхэлж, 12 дугаар сард дуусах юм:

  • Нээлттэй урьдчилсан шат (Open Qualifiers): 6 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 12-ны хооронд үргэлжилнэ. Багууд амралтын өдрүүдэд долоон тоглолт хийх ёстой бөгөөд хожлын хувь нь 50%-иас доош орсон тохиолдолд тэмцээнээс хасагдана.
  • Хасагдах шат (Bracket Stage): Шилдэг 24 хос 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 9-ний хооронд өрсөлдөнө. “Хоёр хожил”-ын (Bo3) системээр тоглож, бүс бүрээс шилдэг найман баг шалгарна.
  • Хэлхээ шат (The Circuit): 8 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд явагдана. Багууд хэсэгт хуваагдаж, тойргийн журмаар (round robin) тоглож Гранд-финалын эрхийн төлөө өрсөлдөнө.
  • Гранд-финал: 12 дугаар сарын 5-наас 13-ны хооронд Хойд Америк болон Европын шилдэг багуудын дунд болж, улирлын аварга тодорно.

Тэмцээний нийт шагналын сан 45,000 ам.доллар бөгөөд үүнийг Circuit болон Гранд-финалын шатуудад хуваарилан олгох ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй