2026 оны 11 дүгээр сард Саудын Арабын Эр-Рияд хотноо анх удаа зохион байгуулагдах Esports Nations Cup (ENC) тэмцээний нэгэн төрлөөр EA Sports FC албан ёсоор батлагдлаа. Уг төрлийн шагналын сан 600,000 ам.доллар байх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг тоглогчид улсынхаа далбаан дор өрсөлдөх юм.
Нийт 128 тоглогч үндсэн шатанд өрсөлдөх бөгөөд тэднийг тодруулахдаа 64 тоглогчийг шууд урилгаар оролцуулна. Үүнийг EA SPORTS FC Pro World Rankings чансаагаар тодорхойлох бөгөөд улс бүрээс хамгийн өндөр чансаатай нэг л тоглогчийг урих юм. Чансааны эцсийн хугацаа нь 7 дугаар сарын 26 байх бөгөөд үлдсэн тоглогчдыг бүс нутгийн шалгаруулалт болон тусгай эрхээр тодруулахаар төлөвлөжээ.
Бүс нутгийн сонгон шалгаруулалт 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 2-ны хооронд Африк, Хойд Ази, Зүүн Европ, Хойд Америк зэрэг 10 бүс нутагт явагдаж, нийт 56 тоглогчийг шалгаруулна. Мөн нэмэлтээр 8 тоглогч “wildcard” буюу тусгай эрхээр тэмцээнд оролцох боломжийг олж авах ажээ.
Тэмцээн 11 дүгээр сарын 17-ноос 22-ны хооронд өрнөх бөгөөд эхлээд 128 тоглогчийг 8 тоглогчтой 16 хэсэгт хуваан, хэсэг тус бүрт “round-robin” системээр хоёр ялалт авах хүртэл өрсөлдүүлнэ. Үүний дараа хэсгээсээ шалгарсан шилдэг 64 тоглогч шууд хасагдах системээр плей-оффт үргэлжлүүлэн тоглож, аваргыг тодруулах юм.