Electronic Arts (EA) компани бүх хувьцаагаа 55 тэрбум ам.доллараар худалдсанаа баталгаажууллаа. Худалдан авагчдын консорциумд Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сан (PIF), Silver Lake болон Жаред Кушнерийн Affinity Partners багтжээ.
Гэрээний дагуу EA-ийн бүх хувьцааг 210 ам.доллараар худалдан авч, компанийн хувьцаа цаашид хөрөнгийн бирж дээр арилжаалагдахгүй. Энэ үнэ зах зээлийн үнээс 25%-иар өндөр байна.
Худалдан авагчид нийтдээ ойролцоогоор 36 тэрбум ам.доллар гаргах бөгөөд үлдсэн хэсгийг зээлийн санхүүжилтээр нөхнө. Ингэснээр энэ хэлцэл нь зээл ашигласан хамгийн том компанийн худалдан авалтын тохиолдол болж байна.
EA-ийн борлуулалт нь тоглоомын салбарын түүхэн дэх хоёр дахь хамгийн том худалдан авалт болж байгаа бөгөөд зөвхөн Microsoft-ийн Activision Blizzard-ийг 69 тэрбум ам.доллараар авсан хэлцлээс (олон улсын зохицуулагчдын эсэргүүцлийн дараа батлагдсан) доогуур бичигджээ.