2025 оны хамгийн өндөр үнэлгээтэй, амжилттай тоглоомуудын нэг болох Clair Obscur: Expedition 33 нь хөгжүүлэлтийн явцдаа хиймэл оюун ухаан (AI) ашигласан гэх шалтгаанаар зарим шагналаа хураалгалаа.
Sandfall Interactive студийн энэхүү төсөл нь шүүмжлэгчид болон тоглогчдоос өндөр үнэлгээ авч, энэ сарын эхээр болсон The Game Awards-аас 13 төрөлд нэр дэвшиж, 9-д нь ялалт байгуулсан юм. Гэвч Indie Game Awards-аас олгосон “Оны шилдэг тоглоом” болон “Шилдэг дебют” гэх хоёр том шагналыг нь буцаан татжээ.
AI ашигласан нь илэрсэн түүх
Тоглогчид X (Twitter) болон Reddit дээр тоглоом доторх зарим текстур, ялангуяа сонины хайчилбар зэрэг дүрсүүд хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн мэт харагдаж байгааг анзаарч, шүүмжилж эхэлсэн байна. Үүний дараа хөгжүүлэгчид уг баримтыг хүлээн зөвшөөрчээ.
Sandfall Interactive-ийн продакшн захирал Франсуа Мерисс El País хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Бид тодорхой хэмжээний AI ашигласан, гэхдээ маш бага. Технологийн тусламжтайгаар бид өмнө нь төсөөлшгүй байсан зүйлсийг хэрэгжүүлж чадсан” гэж тайлбарласан байна.
Шагнал гардуулах комиссын шийдвэр
Хөгжүүлэгчид тоглоом худалдаанд гарсны дараа тус хэсгүүдийг засвараар (patch) устгасан ч Indie Game Awards-ын зохион байгуулагчид үр дүнг хүчингүйд тооцжээ. Тус наадмын дүрэмд генератив AI ашигласан тоглоомуудыг нэр дэвшүүлэхгүй гэж тодорхой заасан байдаг аж.
Шинэ ялагчид:
- Оны шилдэг тоглоом: Blue Prince
- Шилдэг дебют: We’re Closed