Activision болон Microsoft компаниуд Call of Duty: Black Ops 7 тоглоомын тизерийг 6 дугаар сарын эхээр олон нийтэд хүргэсэн ч, бүрэн хэмжээний танилцуулга хараахан хийгдээгүй байсан юм. Харин энэ удаа gamescom 2025 нээлтийн ёслолын хөтлөгч Жефф Кили албан ёсоор мэдэгдсэнээр, тоглоомын албан ёсны трейлерийг 8 дугаар сарын 19-нд болох Opening Night Live 2025 арга хэмжээний үеэр танилцуулах боллоо. Уг арга хэмжээ Улаанбаатарын цагаар 02:00-д эхэлнэ.
Тус трейлерт тоглоомын гаргах огноо болон урьдчилсан захиалгын нээлтийг зарлах магадлалтай бөгөөд үүнийг Call of Duty-н албан ёсны аккаунтын “Удахгүй уулзъя” гэх гифээр хийсэн хариулт баталж байгаа бололтой.
Black Ops цувралын фенүүдийн сайн мэдэх Дэвид Мэйсон дахин гол дүрд тоглох бөгөөд кампанит горим нь хамтарсан тоглолтод төвлөрөх аж. Мөн тоглоомд шинэ газрын зургуудтай, сайжруулсан Zombies горим бүхий олон тоглогчийн горим нэмэгдэхээр байна.
Шинэ Black Ops 7 тоглоомыг Treyarch болон Raven Software студиуд хамтран хөгжүүлж байна.