Counter-Strike-ийн ертөнц Порту хотыг зорихоор боллоо. BLAST байгууллага BLAST Premier Open S2 2026 тэмцээнээ есдүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд “Super Bock Arena”-д зохион байгуулахаар болсноо албан ёсоор баталлаа. Энэ нь тус байгууллага Португал улсад дөрөв дэх удаагаа, харин Порту хотод анх удаа тэмцээн зохион байгуулж буй тохиолдол юм.
Тэмцээний зохион байгуулалт
Нийт 16 баг BLAST-ийн Копенгаген дахь студиэс өрсөлдөөнөө эхлүүлэх бөгөөд тэднээс шилдэг зургаан баг нь Порту хотын тайзан дээр тоглох эрхээ авна. Шагналын сан оролцооны урамшуулалтайгаа нийлээд 1.1 сая ам.долларт хүрч байгаа юм. Португал улс өмнө нь 2018, 2022 болон 2025 онуудад Лиссабон хотноо BLAST-ийг гурван удаа хүлээн авч байсан бол Порту хот нь тэдний хувьд шинэ талбар болж байна.
BLAST-ийн тэлэлтийн жил
Порту хот нь Роттердам, Форт-Уорт болон Хонгконг хотуудын хамт BLAST Premier 2026 оны хуанлид нэгдлээ. Тэмцээний цар хүрээ шинэ зах зээлүүдэд тэлж байгаа бөгөөд “Super Bock Arena” нь үүнд хамгийн тохиромжтой талбар болж байна. Хөтөлбөрийн захирал Энн Банчбах Португалийн хөгжөөн дэмжигчдийг “дэлхийн хамгийн хүсэл тэмүүлэлтэй Counter-Strike-ийн фэнүүдийн нэг” хэмээн тодорхойлсон юм. Лиссабонд болсон тэмцээнүүдийн халуун уур амьсгалыг харсан хэн бүхэн үүнтэй маргахгүй биз ээ.