Valve компани дөрөвдүгээр сарын 6-ны даваа гарагт CS2-ын шинэчилсэн чансааг албан ёсоор зарласнаар энэ зуны хамгийн том арга хэмжээ болох “IEM Cologne Major 2026” тэмцээнд оролцох 32 багийн нэр тодорлоо. Оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл ширүүн өрнөж, дунд түвшний багууд VRS оноо цуглуулахын тулд боломжтой бүх тэмцээнд хүч үзсэн байна. Уг шалгаруулалтаар тив бүрийн төлөөлөл болох Европоос 17, Америкаас 10, Азиас 5 баг Германыг зорихоор болжээ.
Энэ удаагийн тэмцээний хамгийн том сенсаци нь алдарт “FaZe Clan” түүхэндээ анх удаа Major тэмцээнийг өнжихөөр болсон явдал байв. 2016 онд бүрэлдэхүүнээ байгуулснаас хойш 16 удаа дараалан дэлхийн аваргын тайзнаа гарсан тэд Европын чансаанд 21 дүгээр байр хүртэл ухарчээ. Оноогоо нөхөхийн тулд “DraculaN Season 6” болон “HLC Cyprus PRO” зэрэг доод түвшний тэмцээнүүдэд оролцсон ч “BIG” багт финалд ялагдах зэргээр хангалтгүй үр дүн үзүүлсэн нь тэднийг ийнхүү мултрахад хүргэсэн байна.
Тэмцээний зохион байгуулагчид оролцогчдыг чансаанаас нь хамааран гурван өөр шатанд хувааж урьсан бөгөөд “The MongolZ” баг Азийн бүсээс ганцаараа хамгийн нэр хүндтэй шат болох “Stage 3”-т шалгарлаа. Нийт 1794 оноотойгоор Азийн чансааг итгэл төгс тэргүүлж буй тэд ойрын өрсөлдөгч болох “TYLOO”-гоос 400 гаруй онооны зөрүүтэй байна. Тэмцээний урилгыг шат бүрээр танилцуулбал:
- Stage 3 (Шууд шилдэг наймд): Vitality, NAVI, PARIVISION, Aurora, Falcons, MOUZ, FURIA болон Азийн тэргүүлэгч The MongolZ.
- Stage 2: Spirit, Astralis, G2, FUT, Monte, 9z, paiN, Legacy.
- Stage 1: GamerLegion, BIG, BetBoom, B8, HEROIC, SINNERS, M80, NRG, Sharks, Gaimin Gladiators, MIBR, Liquid, TYLOO, Lynn Vision, THUNDER dOWNUNDER, FlyQuest.
Америкийн бүсэд “Team Liquid” баг гэнэтийн байдлаар арав дахь эрхийг авч чадсан бол Европын сүүлчийн эрхийг “SINNERS” баг ердөө 6 онооны зөрүүгээр “FaZe Clan”-ы өмнүүр орж атгажээ. Харин “Passion UA” багийн хувьд “Urban Riga Open Season 4” тэмцээний шийдвэрлэх тоглолтод ялагдсанаар боломжоо алдсан байна. “The MongolZ” багийн хамтрагч олон улсын 1xBet Mongolia брэнд болон шинжээчдийн зүгээс ирэх зургаадугаар сарын 2-нд эхлэх уг тэмцээний гол фаворитуудаар “Vitality”, “The MongolZ” болон “FURIA” багуудыг нэрлэж байна.