18 настай Оросын кибер тамирчин Максим “kyousuke” Лукин сошиал орчинд томоохон хэмжээний “хейт”-эд (үзэн ядалт, шүүмжлэл) өртөөд байна. TikTok-ийн хэрэглэгчид “Falcons” багийн тоглогчийг формоо алдсан, нөөц боломжоо ашиглаж чадаагүй хэмээн нийтээр нь шүүмжилж эхлэв.
Юу болов?
Жилийн өмнө тэрээр “Spirit” академиас “Falcons” руу ойролцоогоор 1–2 сая ам.доллароор шилжиж, тухайн үеийн хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэгээр нэрлэгдэж байлаа. Түүнийг бүр “хоёр дахь donk” гэж нэрлэх нь ч бий.
Гэвч энэ хугацаанд тэрээр:
- Нэг ч цом аваагүй;
- MVP (шилдэг тоглогч) болоогүй;
- Тир-1 түвшинд тогтвортой од болж чадаагүй байна.
Үүнээс үүдэн сошиал орчинд түүнийг эсэргүүцэх давлагаа хүчээ авлаа.
Хөгжөөн дэмжигчдийн хариу үйлдэл
Тоглогчийн TikTok бичлэгүүдийн доор олон зуун сөрөг сэтгэгдэл хөвөрч байна. Тэдгээрийн заримаас дурдвал:
- “CS-ээ олигтойхон тоглож сураач”
- “Авьяасаа яаж ингэж балгаж үрэх вэ”
- “Илюхад (m0NESY) боломж олгоод Falcons-оос зайлаач”
- “Ур чадварыг уугаад бардаггүй гэж бодсон ч… андуурчээ”
- “CS-ийн түүхэн дэх гол гонсойлголт”
- “Зүгээр ээ, цалин нь өндөр юм чинь хожих албагүй”
- “Чи архинд орчихож”
Эдгээр шүүмжлэлүүд ихэвчлэн хувийн доромжлол болон нөөц боломжоо ашиглаж чадалгүй замхарсан алдартай тамирчидтай харьцуулсан өнгө аястай байгаа юм.
Шүүмжлэлийн шалтгаан
Тоглолтын үр дүнгээс гадна түүний хувийн амьдралтай холбоотой асуудлууд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Сүүлийн үед “kyousuke” шөнийн клубүүдтэй холбоотой хэд хэдэн дуулианд нэр холбогдсон нь олон нийтийн дургүйцлийг улам дэвэргэв.
Өндөр үнэтэй шилжилт, хүлээлт болон энэхүү шахалт нь тоглогчид маш их дарамт үүсгээд байна. Кибер спортын ертөнцөд хөгжөөн дэмжигчдийн хандлага хэр хурдан өөрчлөгддөгийг Kyousuke-ийн түүх тод харууллаа. Ердөө ганцхан амжилтгүй улирал ирээдүйн “супер од”-ыг нийтийн үзэн ядалтын бай болгож орхив.
Одоо хамгийн гол асуулт нь — тэрээр энэхүү сэтгэл зүйн дарамтыг даван гарч, авьяас чадвар нь хэвээр байгааг баталж чадах болов уу?