Румын улсын нийслэл Бухарест хотноо зохион байгуулагдах “PGL Bucharest 2026” тэмцээн ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр албан ёсоор хөшгөө нээхээр боллоо. Бэлтгэл ажлын явцад дөрвөн баг солигдох зэрэг багагүй шуугиан гарсан хэдий ч оролцогчдын бүрэлдэхүүн эцэслэн тодорч, хэсгийн шатны тоглолтуудын хуваарь гарсан байна.
Монголын үзэгчдийн хамгийн их хүлээж буй The MongolZ баг энэ удаагийн тэмцээний нээлтийн тоглолтоо алдарт s1mple-ээр хүчээ зузаатгасан BC.Game багийн эсрэг хийхээр болов. Хэдийгээр шинжээчид манай багийг ур чадварын хувьд “цаасан дээр” илүүрхэнэ гэж таамаглаж байгаа ч The MongolZ-ын тоглолт өрсөлдөгчөөсөө үл хамааран үргэлж сонирхолтой, үзүүштэй болдог онцлогтой.
Бусад сонирхолтой тулаануудын хувьд “Stream A”-ийн нээлтийн тоглолт болох 3DMAX болон FOKUS-ийн тулааныг заавал үзэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. “Urban Riga Open 3” тэмцээнд түрүүлж эрч хүчтэй ирж буй FOKUS-ийн эсрэг хүндхэн үеийг туулж буй 3DMAX баг томоохон амжилт гаргахын төлөө бүх хүчээ дайчлах нь дамжиггүй. Түүнчлэн саяхан Роттердамд хагас шигшээд шалгарсан PARIVISION болон “FERJEE In House”-ийн финалд 9z-д ялагдсаныхаа дараа эргэн ирж буй Legacy нарын тулаан олны анхаарлын төвд байна.
Нээлтийн өдрийн бусад тоглолтуудын хуваарийг танилцуулбал:
- FUT болон Inner Circle багуудын эхний учраа.
- B8 болон Wildcard нарын сонирхолтой өрсөлдөөн.
- NRG болон Voca нарын “Stream B”-ээр дамжуулагдах тоглолт.
- Astralis болон MIBR нарын туршлага заасан тулаан.
- FaZe баг EYEBALLERS-ийн эсрэг тоглосноор эхний өдрийн тоглолтууд өндөрлөнө.
Тэмцээний эхний өдөр хоёр сувгаар нийт найман тоглолт шууд дамжуулагдах бөгөөд бүх тоглолтууд Bo3 (Best of 3) форматаар явагдах юм. Бухарест хотноо болох энэхүү цахим спортын баяр бүтэн өдрийн турш үргэлжлэхээр төлөвлөгджээ.


Ташрамд дурдахад, The MongolZ баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байгаа юм.