League of Legends-ийн нэрт тоглогч Цай “Milkyway” Цзи-Цзюнь хуйвалдааны тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт буруугүй болох нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсоноор мэргэжлийн кибер спортын тайзнаа эргэн ирэх боломжтой боллоо.
Өдгөө 21 настай тоглогчийн эсрэг гомдол энэ оны эхээр гарч эхэлсэн юм. Түүнийг “Royal Never Give Up” (RNG) багт тоглож байхдаа буюу “Demacia Cup 2024” тэмцээний үеэр багийнхаа баатар сонголт (draft — тоглолт эхлэхээс өмнөх дүр сонголт) болон стратегийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан гэж буруутгаж байв. Эдгээр мэдээллийг бооцоо тавихад ашигласан байж болзошгүй гэж сэрдэж байсан юм.
Уг дуулианы улмаас тухайн үед түүний харьяалагдаж байсан “FunPlus Phoenix” (FPX) баг мөрдөн байцаалтын ажиллагаа дуустал Milkyway-г тэмцээн уралдаанд оролцохыг нь түдгэлзүүлээд байсан билээ.
Саяхан тоглогч Хятадын Weibo цахим сүлжээгээр дамжуулан Шанхай хотын Лоунань дүүргийн цагдаагийн газраас явуулсан мөрдөн байцаалтын дүнд түүнийг буруутай гэх ямар ч нотлох баримт олдоогүйг мэдэгдлээ. Албан ёсны дүгнэлтээр “Canyon Kkz” гэх хэрэглэгчийн 2025 оны наймдугаар сард түгээсэн чатны зургуудыг зохиомол эсвэл хүчингүй гэж үзсэн байна.
Milkyway мөн өөрийнх нь нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан этгээдүүдийг шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд том спортод эргэн ирэхэд бүрэн бэлэн байгаагаа шүүмжлэгчид болон шүтэн бишрэгчиддээ амлалаа.