Өнгөрсөн хоёрдугаар сард Фил Спенсерийг орлож, “Microsoft Gaming”-ийн шинэ тэргүүнээр томилогдсон Аша Шарма “Xbox Game Pass” үйлчилгээнд томоохон шинэчлэл хийхээр бэлтгэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр, тус компани үйлчилгээнийхээ төлбөрийг хямд болгох хувилбаруудыг судалж байгаагаас гадна “Netflix”-тэй хамтрах боломжийг хэлэлцэж байгаа ажээ.
Сүүлийн саруудад “Game Pass”-ийн үнэ мэдэгдэхүйц өссөн бөгөөд 2025 оны 10 дугаар сард “Ultimate” багцын төлбөр 50 хувиар нэмэгдэж, сарын 30 ам.долларт хүрсэн юм. Тиймээс “Microsoft” уг үйлчилгээг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох арга замыг хайж байна. “The Information” хэвлэлийн мэдээлснээр, Аша Шарма үнийн шинэ загваруудыг боловсруулж байгаа аж.
Үүний нэг гол санаа нь зар сурталчилгаанд суурилсан хямд, эсвэл бүр үнэ төлбөргүй багц гаргах явдал юм. Тоглогчид тодорхой хэмжээний сурталчилгаа үзсэний хариуд тоглоомуудыг хөнгөлөлттэй үнээр тоглох боломжтой болох гэнэ.
Түүнчлэн “Microsoft” компани “Netflix”-тэй хамтарсан багц үүсгэх талаар хэлэлцээ хийж байгааг тайланд дурджээ. “Netflix”-ийн хамтарсан Гүйцэтгэх захирал Грег Питерс тэд Шарматай хамтын ажиллагааны талаар аль хэдийн “санаа бодлоо солилцсон” гэдгийг баталсан ч одоогоор ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй байна.
2 comments
Хямд болвол их хүмүүс авах байх шүү
Гэхдээ яг хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй л юм