Epic Games компани 1000 ажилтнаа цомхотгож байна

by Саруул Батболд
0 comments

Epic Games компани боловсон хүчнийхээ бүрэлдэхүүнд томоохон хэмжээний цомхотгол хийж эхэллээ. Салбарын нэр хүндтэй сэтгүүлч Жейсон Шрайерын мэдээлснээр, тус компани нийт 1000 орчим ажилтнаа ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Энэхүү шийдвэр нь Epic Games-ийн гол бүтээл болох “Fortnite” тоглоомын идэвхтэй тоглогчдын тоо буурсантай холбоотой аж. Компани мягмар гарагт өөрийн албан ёсны блогтоо “Бид олж буй орлогоосоо хамаагүй их зардал гаргаж байна. Компанийн санхүүгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ийнхүү зардлаа эрс танахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Ажлаас чөлөөлөгдөж буй ажилтнуудад хамгийн багадаа дөрвөн сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоо Epic Games амлажээ.

Энэ нь тус компанийн сүүлийн гурван жилийн хугацаанд хийж буй хоёр дахь томоохон цомхотгол юм. Өмнө нь 2023 оны есдүгээр сард ижил төстэй шалтгаанаар 830 ажилтнаа ажлаас нь чөлөөлж байсан билээ.

Дашрамд дурдахад, Epic Games өнгөрсөн долоо хоногт “Fortnite” тоглоомын дотоод валютын үнийг нэмсэн юм. Тухайн үед тус компани “Тоглоомын үйл ажиллагааг хэвийн явуулах зардал мэдэгдэхүйц өссөн тул зардлаа нөхөхийн тулд үнийг нэмэх шаардлагатай боллоо” хэмээн тайлбарлаж байсан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй