Tekken 8 тоглоом 3-р сарын 18-нд гуравдугаар улирлын (Season 3) нээлтээ хийж, балансын томоохон өөрчлөлт болон шинэ контентуудыг багтаасан нүсэр шинэчлэлтийг танилцууллаа. 2024 онд амжилттай нээлтээ хийсэн ч удалгүй улирлын шинэчлэлтүүд, ялангуяа хоёрдугаар улирлын тааруу байдлаас болж шүүмжлэлд өртсөн. Үүнээс үүдэн Bandai Namco компани баланс хариуцсан багаа бүрэн шинэчилж, сайжруулалт хийхээ амлаад байсан юм.
Найман сарын завсарлагын дараах энэхүү гуравдугаар улирал нь довтолгоо болон хамгаалалтын тэнцвэрийг илүү таамаглаж болохуйц болгож, тоглоомын үндсэн зарчим руугаа буцах зорилготой байв. 3.00.00 хувилбарын шинэчлэлт одоо PC, PlayStation 5 болон Xbox Series X/S дээр ашиглахад бэлэн болоод байна.
Tekken 8 тоглоомын 3-р улирлын гол өөрчлөлтүүд:
- Heat системийн шинэчлэлт
- Рейтингийн (Ranked) горимыг шинэчилж, улирлын ахиц дэвшлийг бүрэн тэглэх (reset)
- Туслах дүрүүдийг тусад нь хянах боломж
Хөгжүүлэгчдийн хэлж буйгаар эдгээр өөрчлөлт нь “дүр бүрийн онцлог шинж чанарыг сэтгэл зүйн тоглолт болон тулааны явцад илүү тод мэдрүүлэх” зорилготой аж.
Шинэ контентын хүрээнд Round 9 Fight Pass болон тоглогчдын санал хүсэлтийг хүлээн авах Tekken Dev Feedback Portal нээгджээ. Мөн 2026 оны турш Kunimitsu, Bob, Roger Jr. болон одоогоор нэр нь тодорхойгүй байгаа нэг дүрийг нэмэхээр төлөвлөж байна.
Хэдийгээр амбицтай өөрчлөлтүүд хийсэн ч тоглогчдын анхны сэтгэгдэл тийм ч таатай биш байна. Тухайлбал, кибер тамирчин PhiDX “хөгжүүлэгчид үндсэн зарчим руугаа буцахын оронд огт өөр зүг рүү олон алхам хийж байна” хэмээн шүүмжилжээ. Ерөнхийдөө тоглогчид студийг амласан зүйлээ бодит байдал дээр хэрэгжүүлж чадсангүй гэж үзэж байна.
Нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгосон өөр нэг хүчин зүйл нь 2025 оны сүүлчээр уг төслийг олон жил удирдсан Кацухиро Харада ажлаа хүлээлгэн өгсөн явдал юм. Түүнгүйгээр тоглоомын цаашдын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа бөгөөд гуравдугаар улирал хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай байна.