HLTV: The MongolZ баг “Senzu”-г эгнээндээ нэгтгэх сонирхолтой багуудын саналыг нээлттэй хүлээн авна

by Саруул Батболд
2 comments

CS2 (Counter-Strike 2)-ын “The MongolZ” баг сэлгээний бүрэлдэхүүнд байгаа “Senzu” буюу М.Азбаярыг багтаа авах хүсэлтэй байгууллагуудын саналыг нээлттэйгээр сонсохоор болсон талаар HLTV.org өчигдөр мэдээлжээ.

Тус багийн удирдлагууд тоглогчдын шилжилт хөдөлгөөн, хэлцлийн зуучлалаар ажилладаг “ULTI Agency”-тай хамтран “Senzu”-г сонирхож буй багуудын санал, нөхцөлийг хүлээн авч, боломжит хувилбаруудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Одоогоор 19 настай М.Азбаяр 2025 оны аравдугаар сараас эхлэн үндсэн бүрэлдэхүүнээс түр гарч, сэлгээний байр суурьтай болсон. Тухайн үед тэрбээр “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний дараа гэнэтийн байдлаар сэлгээнд шилжсэн” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байсан юм.

Хэдийгээр улирлын төгсгөлийн шатны тоглолтуудад, тэр дундаа Будапештад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй ч “Senzu” энэ жилийн шилдэг 20 тоглогчийн чансаанд 13 дугаарт бичигдсэн нь түүний тоглолтын түвшин, үнэлэмж өндөр хэвээр байгааг харуулж байна.

Түүнчлэн 2025 онд тэрбээр “The MongolZ”-той хамт өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байрт шалгарсан бөгөөд таван тэмцээнд гуравдугаар байрт орсон амжилтыг үзүүлжээ.

Эх сурвалжуудын өгүүлснээр “Senzu” карьераа олон улсын багийн түвшинд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа төдийгүй тэмцээний талбайд богино хугацаанд эргэн нэгдэхэд бэлэн байгаа аж.

You may also like

2 comments

Джемей 1 сар 5, 2026 - 17:28

The MongolZ үнэхээр сайн тоглогчдыг төрүүлж байна

Reply
Тимур 1 сар 5, 2026 - 17:33

Senzu-д санал их ирж байгаа нь гайхах зүйл биш

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй