ESIC байгууллага Firefly тоглогчийг StarCraft II-ийн тэмцээнүүдээс насан туршид хаслаа

by Саруул Батболд
0 comments

Киберспортыг шударгаар явуулахтай холбоотой асуудлыг хариуцдаг ESIC (Esports Integrity Commission) байгууллага Хятадын StarCraft II тоглогч Сюе “Firefly” Таог киберспортын тэмцээнд оролцох эрхийг насан туршид нь хасах шийдвэр гаргажээ.

2025 оны 4–7-р сарын хооронд явуулсан мөрдөн шалгалтын дүнд ESIC “тоглолтын үр дүнг зохион байгуулалттайгаар хуурамчаар өөрчилсөн, ашиг хуваалцах зорилготой схем”-ийн нотолгоо олсон байна. Firefly нь мөрийтэй тоглоомоос ашиг олохын тулд тоглолтын үр дүнд санаатайгаар нөлөөлсөн болох нь илэрчээ.

Мөн түүний тоглолтууд дээр хэт хачирхалтай үзүүлэлтүүд, мөрийтэй тоглоомын сэжигтэй үйл ажиллагаатай давхцаж байсныг тогтоожээ. Түүнийг:

  • ESIC-ийн авлигын эсрэг журмын 11 удаагийн зөрчил
  • Ёс зүйн хэм хэмжээний 10 зөрчил, нийт 21 удаагийн зөрчил гаргасан гэж үзжээ.

Зөрчлүүдэд тоглолт дээр мөрий тавих, дотоод мэдээлэл дамжуулах, киберспортыг гутаасан зан байдал ч багтаж байна.

“Ноён Сюе ESIC-ийн шударга байдлын хөтөлбөрийг ноцтой зөрчсөн” гэж ESIC мэдэгдсэн бөгөөд:
“Тиймээс түүнийг ESIC-ийн гишүүн байгууллагуудын бүх арга хэмжээнд оролцох эрхгүй болгож, насан туршид хориг тавьсан” гэжээ.

6-р сарын 14-нд Firefly-г Esports World Cup 2025-аас түр хассан тухай ESIC мэдээлж байсан. Тухайн үед тэмцээний зохион байгуулагчид Firefly-г Хятадын киберспортын тамирчин JDG Хуан “Lancer” Минээр орлуулсан юм.

You may also like

Leave a Comment